МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд батламжилж, шагналыг гардууллаа.
Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг залуу хойч үед сургах, өвлүүлэн үлдээх, сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй зүтгэж Америкийн Нэгдсэн Улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийг тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн. Б.Наранбат нь цуур хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэсэн. 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн 8 аялгууг тоглож хадгалуулсан.
009 онд “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль, 2010 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд "Монгол улсын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэгдэж “Батламж” гардан авсан бол 2019 онд “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.
