2025 ОНЫ 05 САРЫН 09
ЭМГЭНЭЛ
ЦЭНДСҮРЭНГИЙН ЭНХМАНЛАЙ
(1956-2025)
Төрийн соёрхолт “Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ц.Энхманлай нь 1956 оны 9-р сарын 27-нд Улаанбаатар хотноо мэндэлж, 1974 онд ерөнхий боловсролын дунд сургууль, Төмөр замын техникумыг дүүргэж, 1975 оноос ажлын гараагаа эхлүүлж УБТЗ-ын ажилчин залуусын "Ногоон гэрэл" хамтлагт хөгжимчин, 1977 онд МҮЭСТО-ы дэргэдэх "Айзам" хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүн, 1978 онд ардын армийн 122 дугаар ангийн байлдагч, 1978-1983 онуудад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Соёмбо" чуулгын хөгжимчин, 1983 онд Улсын циркийн хөгжимчин, 1986-1988 онд "Цирк-Эстрад” хамтлагийн уран сайхны удирдагч, хөгжимчнөөр тус тус амжилттай ажилласан юм.
1989 онд УДЭТ-ын дэргэд "Харанга" хамтлаг, 1993 онд “Харанга” рок төвийг санаачлан байгуулж, залуу хамтлаг, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилтын байр танхим, хөгжмийн зэмсгүүдээр хангаж, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлдэг үлгэр жишээ удирдагч байв. Мөн 2005 онд “Ажнай хуур” үндэсний хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулж, 2017 онд Хүүхдэд зориулсан хамгийн анхны энтертайнмент тайзтай, “49-р гудамж” хүүхэд, залуучуудын театрыг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар 2022 он хүртэл ажилласан билээ. Монголын орчин цагийн дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлсэн, эстрад, рок поп урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан эрхэм хүмүүн байсан юм.
Тэрээр 1978 онд Авирмэдийн хөгжим “Өссөн нутаг” дууг дуулснаар олонд танигдаж, уг дуу нь Монголын радиогийн “Алтан фонд”-д бичигдэн үлдэж, 1988 онд “Найман гитарын цуурай” фестивальд оролцож тэргүүн байр эзэлж чадварлаг залуу уран бүтээлч болохоо харуулж чадсан юм.
Ц.Энхманлай нь 20 гаруй кино, жүжгийн хөгжмийг туурвисан бөгөөд 1987 онд “Мэргэн Бөөдий” телевизийн богино хэмжээний УСК, 1992 онд “Босоо ороолон” МУСК, 1993 онд "Өдрийн оддын зүгт" МУСК, 1995 онд “Шувуухай” МУСК, мөн тус онд “495” рок драмын жүжиг, 1997 онд Японы NHK телевизийн "Нар хиртэлт" баримтат киноны хөгжим, 1999 онд “Тэнхээтэй сэтгэл” МУСК, мөн ондоо “Амьдралын урсгал” МУСК, “Сэтгэлд шивнэсэн үг” МУСК, 2001 онд “Амин хайр”, “Будилаан” МУСК-ны хөгжмийг бичиж найруулжээ. Түүнчлэн Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжиг, “Жамуха” жүжиг, “Бүгд унтаж байхад” зэрэг жүжгийн хөгжмийг зохиож “Харанга” рок хамтлагийн анхны “Амьдрал" тоглолтoo нэрлэсэн “Амьдрал" дууны шүлэг, аялгуу, "Аялгуу", “Кисс ми”, "Шивнээ" зэрэг дууны аялгуу, “Зэрэглээ”, “Энэ бол дурлал биш”, “Зүүдэндээ би хайртай”, “Шүүдэр цэцэг”, “Манан”, “Тийм ээ”, “Алсын гялбаа” зэрэг дууны шүлгүүд, “Зөвхөн Монголдоо”, “Аялгуу”, “Чамдаа дуулах дуу”, “Блюз”, “Кисс ми”, “Аавдаа” зэрэг дуунуудыг “Харанга” хамтлагаараа дуулж олны хүртээл болгожээ. Улмаар “Хүжийн гал”, “Өссөн нутаг”, “Бүүвэйн дуу”, “Отгонтэнгэр”, “Хүү чинь таныгаа” зэрэг хувийн уран бүтээлүүдээ туурвиж, 2006 онд “Амьдрал аялгуу” цомгоо сонсогчдодоо хүргэж, 1994 онд бие даасан "Учралын хорвоо", 2006 онд "Амьдрал аялгуу" тоглолтуудаа толилуулсан юм.
Тэрээр Монголын бүх цаг үеийн рок, попын уран бүтээлчдэд зориулан “Чамайг тоссон зам”, “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Амласан хайр” тэргүүтэй олон арван хит дууг зохиосон чадварлаг хөгжмийн зохиолч, уран бүтээлч байлаа.
Ц.Энхманлай “Харанга” хамтлагтайгаа 1989 онд "Амьдрал", 1991 онд "Дэлхий ертөнц", 1993 онд "Миний рок", 1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд, "Тэртээх өдрүүд", 1997 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон Монголын Соёлын өдрүүдэд оролцож байв. 1998 онд "Эрин зууны хөг" тоглолт, 1999 онд "Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, "Бодлын тэнгис" анплагед тоглолт, 2002 онд “Хурд” хамтлагтай хамтарсан тоглолт, 2004 онд “Харанга” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, “Ертөнцийн өнгө” тоглолт, 2009 онд “Харанга” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал-2” тоглолт, 2014 онд “Харанга” хамтлагийн 25 жилийн аялан тоглолтууд, 2018 онд “Хайрла…” тоглолт, 2019 онд “Замд гаръя…” 30 жилийн ойн тоглолт, 2022 онд “BEST of HARANGA” тоглолт, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, “Анплагед” тоглолтоо толилуулсан юм.
Ц.Энхманлай нь “Харанга” хамтлагтайгаа дэлхийн олон улс оронд аялан тоглолтоо амжилттай тоглож, 2009, 2011 онд Монгол орноо бүтэн тойрч үзэгч түмэндээ тоглолтоо хүргэсэн билээ. Тэр өөрийн улсад төдийгүй олон улсын орчин цагийн дуу хөгжмийн түүхэнд алдраа цуурайтуулсан шилдэг уран бүтээлч байсан ба 1990 онд “Сарны өртөө” рок хөгжмийн наадмын “Шилдэг гитарчин”, Гран При шагнал хүртэж, “Ая дууны жигүүр” наадмын шилдэг дуугаар “Амьдрал” дуу, 1991 онд ”Ая дууны жигүүр” наадмын шилдэг дуугаар “Аялгуу” дуу, Казакстан Улсын Алма Ата хотноо зохион байгуулагдсан “Азийн дуу хоолой” наадмын тусгай байр, 1994 онд “Пентатоник” рок поп хөгжмийн наадмын “Шилдэг хамтлаг”, 1995 онд “Шилдэг гитарчин”, 1998 онд “Шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарч, 2016 онд “Алдрын од” одонгоор шагнагджээ.
Түүний Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1994 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2019 онд Монгол Улсын Төрийн соёрхол цол, тэмдгээр тус тус шагнаж байжээ.
Ц.Энхманлай нь элбэрэлт ханийнхаа түшиг тулгуур, үр хүүхдүүдийнхээ ачлалт аав, хамтлагийнхаа уран бүтээлийн ундарга, хөгжмийн урлагийн тансаг аялгуу, Монголын гитарчдын Домог- Ноён оргил, үзэгч сонсогчдынхоо сэтгэлийн мөнхийн дуудлага нь байж чадсан юм.
Түүний энгүй ухаалаг тэнүүн төрх, тэнгэр мэт уужим сэтгэл, уудалж барамгүй авьяас билиг үеийн үед үүрд хайрлагдаж, санан дурсагдах болно.
...Ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа...

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт