Чинбатын Номин

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрийн их танхимд толилууллаа.

Монгол Улсаа өв соёлоороо дамжуулан олон улсад сурталчлан, түгээн дэлгэрүүлж яваа Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олондоо халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн уран бүтээлч, ААН-үүдийг холбох, хамтран уран бүтээл туурвих боломжийг бүрдүүлсэн Creativehub.mn дижитал систем өнөөдөр нээлтээ хийлээ.

Уран бүтээлч та бүхэн энэхүү системд өөрөө бүртгэлээ хөтөлж, бүтээлч арга барил, ур хийц технологи, шилдэг бүтээлүүдийн танилцуулгаа тогтмол шинэчилж оруулснаар контент бүтээгчид, найруулагч, урлаг судлаач, эвент менежер, маркетер, цуглуулагчдад өөрийгөө танилцуулах, карьераа хөгжүүлэх боломжийг хайх, бүтээлч салбарын зах зээлд нэвтрэхэд нэн шаардлагатай цахим танилцуулгатай болно.

Сreativehub.mn платформд: Өв соёл, Утга зохиол ном хэвлэл, Дүрслэх урлаг, Кино дуу дүрсний урлаг, Тайзны урлаг, Дуу хөгжим, Хувцас загвар зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12  салбарын уран бүтээлч, байгууллагууд орон зай, цаг хугацаа үл хамааран, харилцан хамтран ажиллах боломжтой нэгдсэн систем бүхий дэд бүтэц болох Creative Hub ийнхүү нээлтээ хийлээ.

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар, 90 гаруй чиглэлд хамаарах салбарын 320 гаруй төлөөлөл цуглаж, соёлын салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомж, цаашдын төлөвлөгөө, бодлогын хүрээнд зөвлөлдлөө.

Өнгөрсөн жилүүдэд болсон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумаас гарсан үр дүн, санал зөвлөмжид үндэслэн бодлогын бичигт тусган хэлэлцүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ батлуулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөө боловсруулан УИХ-д өргөн барьсан билээ.

Энэ удаагийн форумаар соёлын салбарын 8 бодлогыг 4 салбар хуралдаан хэлбэрээр зохион байгууллаа.

Үүнд:

Соёлын засаглал, эрх зүйн шинэчлэл, Бүтээлч байдал, мэдлэг туршлага , Соёлын хүртээмж, хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт, шинэ боломж сэдвийн дор хэлэлцүүлгээ зохион байгууллаа.

Энэхүү салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн соёлын салбарт 2024-2028 онд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг гаргах юм. Улмаар ДНБ-ий 1.4 хувийг эзэлж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг 2030 гэхэд ДНБ-ий 4.0 хувьд хүргэж эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорьж байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Люси Фрэйзер болон Британийн Соёл, хэвлэл мэдээлэл, спортын дэд сайд Сир Жон Виттиндэйл нартай уулзаж, хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Соёлын яамнаас хилийн чанадад хадгалагдаж буй монгол соёлын өвөө буцаан авах, үзэсгэлэн гаргах болоод түүх, соёлын олдворуудын “А” хуулбарыг авахаар ажиллаж буй бөгөөд энэхүү асуудалд Британийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй соёлын бодлогыг танилцуулж, энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгон хөгжүүлэхээр зорьж буйгаа мэдээлэв. Мөн гадаад кино уран бүтээлчид Монголд кино бүтээхэд татварын тодорхой хэсгийн буцаалт хийх нөхцөл бүрдсэнийг дурдаад Монголын кино урлагийн зөвлөл, Бритиш филм институци хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, улмаар хоёр орны хооронд кино хамтран бүтээх хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн уулзалтаар Лондон хотноо тоглогдож буй “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын яамнаас бодлогын дэмжлэг үзүүлж буйг дурдаж, уг жүжгийг үзэж сонирхохыг урилаа.

Уулзалтын төгсгөлд Британийн талаас Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцлоод дээр дурдсан асуудлаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, холбогдох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж болох талаар саналаа дэлгэрэнгүй илэрхийлэв.

ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ тус улсын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцоход Монгол Улсын Соёлын яам онцгой анхаарал хандуулж байгааг дуулгав.

Энэ хүрээнд Ноён уулын булшнаас олдсон олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн авчрах чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг судлах, эдгээр олдворуудаар тус музейд болон Монголд үзэсгэлэн дэлгэх, хадгалагдаж буй үзмэрүүдийн А хуулбарыг авах зэрэг асуудлаар ярилцав.

Мөн уулзалтаар Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яам хооронд байгуулсан 2022-2024 оны соёлын хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд эхэлж, амжилттай хэрэгжиж буй явдалд баяртай байна. Тэр дундаа хоёр орны музей хоорондын шууд хамтын ажиллагаа эрчимжиж буй талаар ярилцлаа.

 

ОХУ-ын Санкт-Петербург хотноо "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, хурлыг нээж үг хэллээ. 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд 20-р зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан билээ.

Тэрхүү археологийн олдвор нь Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулж байсан түүхтэй бөгөөд өдгөө эдгээр үнэт олдворууд нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг билээ.

Тэгвэл Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн судлан шинжлэх лаборатори, хадгалан хамгаалах музейтэй болсон бөгөөд буцаж ирэх нөхцөл заасан гэрээ ёсны дагуу Ноён уулнаас олдсон үнэт олдворуудаа улсдаа буцаан авах хүсэлтэй байгаагаа “Ноён уул 100 жилийн туршид” эрдэм шинжилгээний хурлын үеэр илэрхийллээ.