















Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Google компанийн албан ёсны эрхтэй хэрэгжих “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шинэ мэдлэг, шинэ туршлага, шинэ хамт олны дунд өөрийгөө хөгжүүлэх “Grow with Google Mongolia” хөтөлбөр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Нээлтийн үеэр хөтөлбөрийн тухай танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагууд болон салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцлаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 350 залуучуудад 3 сарын хугацаанд цахим аюулгүй байдал, ахисан түвшний өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, мэдээллийн технологийн автоматжуулалт, UX дизайн, дижитал маркетинг ба цахим худалдаа гэсэн 6 чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн ур чадвар эзэмшүүлж, Google компанийн албан ёсны “Google Career Certificate” олгох юм.

Соёлын яам байгуулагдсан 5 жил, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан 10 сарын хугацаанд суурь судалгаанаас эхлээд салбарын хууль, эрхзүйн орчин, тогтолцоог бүрэн болгох, дунд, богино хугацааны бодлогуудаа боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ард иргэд Та бүхэндээ танилцуулж байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын Үндэсний нэгдмэл үнэт зүйл, тусгаар тогтнолыг бэхжүүлж, түүх соёлынхоо үнэт өвийг хадгалан хамгаалах, ард түмнээ соён гэгээрүүлэх, соёлыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын экспортыг нэмэгдүүлэх, дэлхий нийтэд эх орноо сурталчлан таниулах үйлсэд хүчин зүтгэсэн минь хариуцлагатай бөгөөд нэр төрийн хэрэг байлаа.












Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд батламжилж, шагналыг гардууллаа.
Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг залуу хойч үед сургах, өвлүүлэн үлдээх, сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй зүтгэж Америкийн Нэгдсэн Улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийг тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн. Б.Наранбат нь цуур хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэсэн. 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн 8 аялгууг тоглож хадгалуулсан.
009 онд “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль, 2010 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд "Монгол улсын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэгдэж “Батламж” гардан авсан бол 2019 онд “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.







