Чинбатын Номин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам, Аялал жуулчлал, спортын яамтай тус тус хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Зүүн гар талаас БНКУ-ын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева, МУ-ын Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд Ч.Номин
Санамж бичигт Монгол Улсын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар гэрээ үзэглэв.

Соёлын салбарт:

- Соёлын салбар дахь ололт амжилтын талаар мэдээлэл солилцох,

- Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах,

- Соёлын өвийг хамгаалах,

- Хоёр улсад зохион байгуулагддаг урлагийн наадамд оролцох,

- Соёлын салбарт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжинэ.

Аялал жуулчлалын салбарт:

- Аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд, тур операторуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих,

- Өөрийн улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг аялал жуулчлалын үзэсгэлэн, экспод оролцохыг дэмжих,

- Аялал жуулчлалын салбарын сурталчилгаа, маркетинг, хөгжил, менежментийн чиглэлээр туршлага солилцох;

- Хүний нөөцийг сургах болон дахин сургахад дэмжлэг үзүүлэх,

- Тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь Монгол, Казахстан хоёр улсын хооронд соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд томоохон алхам болж, хоёр улсын хөгжилд шинэ боломжуудыг нээх чухал үүрэг гүйцэтгэх юм.

Тус үзэсгэлэн 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал нар нээж энэ жилийн үзэсгэлэнгийн уриа онцлог, салбарын чиг хандлага болон бодлогын түвшинд төлөвлөж буй ажлыг дурдлаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Монголын Аялал жуулчлалын холбооноос орчин цагийн аялал жуулчлалын чиг хандлага үндэсний соёлд тулгуурласан соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцлон үзэж энэхүү дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөөнд технологийн дэвшлийг салбарын хэмжээнд нэвтрүүлэх үүднээс “Эрксис" аялал жуулчлалын технологийн компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.

Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, "Бостон Консалтинг Групп"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Баттулга нар гурвалсан гэрээнд гарын үсэг үзэглэв.

"Бостон Консалтинг Групп" нь 1963 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компани агаарын тээвэр, зочид буудал, үзвэр үйлчилгээ, усан аялал, аялал жуулчлалын дэд бүтэц зэрэг салбаруудад 1200 гаруй төсөл дээр ажилласан туршлагатай.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улс 2024 оны 10-р сарын байдлаар 700 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна. Засгийн газар 2028 он хүртэл "Монголд зочлох жил"-ийг зарласан бөгөөд энэ онд жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Тус гэрээ нь аялал жуулчлалын салбарт хийх судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулах, статистик дүн шинжилгээ хийх, ижил төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзүүлэгч орнуудтай харьцуулсан судалгааг боловсруулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн 2 дугаар сайд Тан Сий Лэнтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд ирэх оноос хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болохыг талууд онцлов. Мөн сайд Тан Сий Лэнтэй залуучуудын хөгжил болоод хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцлоо.

Парис хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Азийн урлагийн “Asia now-2024” наадамд Лхам галерей анх удаа Монгол Улсыг төлөөлөн, уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлээр оролцож байна.
Лхам галерей нь өнгөрсөн онд Парис хотод “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” нэртэй үзэсгэлэнг гаргаж байсан бол энэ удаад монгол үндэсний урлагийн бүхий л шинжийг өөрийн бүтээлдээ шингээн урладаг уран бүтээлч Б.Баатарзоригийн бүтээлүүдийг Азийн урлагийн сод болсон бүтээлүүдийг урлаг сонирхогчдод толилуулдаг “ASIA NOW-2024” наадамд дэлгэн танилцуулж байна.

ССАЖЗ-ын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Унгар улсад зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцож, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны 4-р сард тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай ярилцаж, тохиролцов.

Ирэх онд мөн Монгол-Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохиож буй бөгөөд түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тиоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов.

МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт” нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог төдийгүй, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Соёлын сайд Атагельди Шамурадовтой соёлын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд:

- Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах,
- Соёлын өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах судалгааг хамтран хийх,
- Хоёр улсын урлагийн наадамд харилцан оролцох,
- Улс орон, ард түмний соёлыг харилцан сурталчлах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Аялал жуулчлалын салбарт:

- Хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдээлэл солилцох,
- Оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжин, уулзалт зохион байгуулах, туршлага солилцох,
- Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн хоёр улсын иргэдэд улс орноо сурталчлах, түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын найрал хөгжим, Үндэсний Урлагийн Их театр болон ДБЭТ-ын уран бүтээлчид Туркменистан Улсын үндэсний чуулгатай хамтарсан тоглолтыг зохион байгууллаа. Уг тоглолтод ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Туркменистан Улсын Шадар сайд Мамедова Мяхриджемаль Мекандурдыевна болон албаны төлөөлөл оролцлоо.

Хамтарсан тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин:

"Энэхүү тоглолтын үеэр Та бүхэнд морин хуурын найрал хөгжмийн "Монголын сайхан орон" бүтээлээр дамжуулан талын нүүдэлчдийн мянга мянган жилийн соёлын өв, хүн байгаль хоёрын шүтэлцээг илэрхийлэх үндэсний хөгжмийн гайхамшгийг толилуулах болно.

ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт"-д бүртгэгдсэн морин хуур, үндэсний болон сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг Та бүхний сонорт хүргэхэд бэлэн болоод байна. Морин хуурын найрал нь дэлхийн олон орны нэр хүндтэй театр болон концертын танхимд тоглолтоо хийж, мянга мянган үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, халуун талархал хүлээж байсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Манай хоёр улс газар зүйн зурагт алс хол мэт харагдавч, хамтдаа бичсэн түүхэн туршлага, нүүдлийн соёл, иргэншлийн уламжлалыг хадгалсан нийтлэг үнэт зүйлс Та биднийг ойр дөт байх гүүр болж, соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын тавцанд бие биенээ дэмжиж ажиллах үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


Хамтарсан тоглолтод монголын талаас “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, хоёр улсын уран бүтээлчид хамтран Чингисийн хоёр загал, Сэрсэн тал, Ашгабат зэрэг хоёр орны ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдийг тоглолоо.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Туркменистаны ард түмнийг улам ойртуулан соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцааны нэгэн чухал бэлэг тэмдэг болсон үйл явдал боллоо.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 4 дүгээр хуралдаан боллоо. Энэ үеэр 2024 оны 1-3 дугаар улиралд хэрэгжүүлсэн ажлуудын тайлан, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтарсан хэлэлцүүлэг өрнөв.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Т.Доржханд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон аялал жуулчлалын салбарын төлөөллүүд оролцов.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монгол Улсыг олон улсад сурталчилсан. Үүний үр дүнд 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны 9-р сарын байдлаар 667,463 жуулчин хүлээн авч, нийт 1.2 тэрбум ам.долларын орлого оллоо. Үүний 846 сая ам.доллар нь экспортын орлого бөгөөд энэ нь сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Монгол орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх хүрээнд аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, салбарын төлөөлөлтэй хамтран Засгийн газрын бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна.

Фүлхэм клубтэй хамтран зохион байгуулж буй хөлбөмбөгийн сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Сургалтыг ССАЖЗЯ болон Монголын Хөлбөмбөгийн холбоо, Фүлхэм академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалтад 6-16 насны 160 хүүхэд оролцож байна.
Эдгээр 160 хүүхдээс Фүлхэм клубийн багш, дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд өөрийн клубийн дэргэдэх сургалтад хамруулах юм.

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж, хөгжсөний түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон салбарын үе үеийн зүтгэлтнүүд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, өнгөрсөн 70 жилийн ололт амжилтыг дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

1954 онд Гадаад Худалдааны Яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж анчин, жуулчид болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын групп жуулчдад үйлчлэх болсноор Монгол оронд аялал жуулчлал хөгжих эх үүсвэр тавигдсан түүхтэй. улмаар 1956 онд тухай үеийн ЗХУ-аас 15 жуулчин хүлээн авч байсан бол 2023 оны байдлаар 651 мянган жуулчин хүлээн авсан.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлэв.

“Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монголын аялал жуулчлалын салбар нь улс орноо дэлхий дахинд сурталчлах, эрх зүйн орчин, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй шинэчлэгдэн хөгжив. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дэлхий дахинд “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндингээ зарлаад байна.Үүний үр дүнд 2023 онд анх удаа 651 мянган жуулчин хүлээн авч, 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн, аялал жуулчлалын салбар нь улс орны эдийн засагт уул уурхайн дараа орох томоохон салбар болоод байна.Өнгөрсөн хугацаанд бид "Аялал жуулчлалын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мэргэжлийн холбоог үүсгэн байгуулж, гадаадын жуулчдад НӨАТ-ын буцаан олголт, гарааны компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, төрөөс экспортын үйлдвэрлэлд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг хийгээд байна.

Мөн хил орчмын аялал жуулчлалыг дэмжих зориулалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хил орчмын үйл ажиллагааг зохицуулах журам болон аяллын маршрутыг боловсруулсан байна.“Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд цахим орчинд Монгол Улсыг сонирхон, судалсан хүний тоо 500 саяд хүрээд байна. Мөн Европын 34 улсын визийг 2025 оныг дуустал 30 хүртэлх хоногоор чөлөөлөх, цахим виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ нь аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж байна.

Цаашид дэд бүтэц, агаарын тээврийн хөгжилд анхаарч, үндэсний аялал жуулчлалын стратегиа өөрийн орны соёл, онцлогт тулгуурлан цогцоор нь шинэчлэн баталж, олон улсын чиг хандлагад нийцсэн, технологи суурьтай тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна” хэмээлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Вьетнамын соёлын өдөрлөг” арга хэмжээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо.

Соёлын өдөрлөгт МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож, Соёл, Спорт, Аялал Жуулчлал Залуучуудын сайд Ч.Номин, БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар өдөрлөгийг нээж мэндчилгээ дэвшүүллээ.

Үүний дараагаар Вьетнам улсын Үндэсний хөгжим, дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн "Вьетнамын өнгө" тоглолтыг зочид үзэж, сонирхлоо.

УГЗ Д.Цэрэнсамбуу нь театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин цагийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг тайзны бүтээл болгосон. Тэрбээр "Гоо марал", "Гэгээн муза" наадмуудын олон удаагийн "Гран при", "Мөнгөн мод" наадмын болон бусад нэр хүндтэй шагналуудыг хүртсэн. Соёл, урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан шилдэг удирдагч, менежер, продюсер билээ.

Монголын театрын урлагийн хөгжлийн төлөө залуу нас, авьяас чадвар, хөдөлмөр бүтээл, оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулан хамт олныхоо бахархал болон хүндлэгдэж ирсэн танд аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар, БНСВУ-ын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал Залуучуудын сайд Ч.Номин, БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд:

• Аялал жуулчлалын салбарын Аж Ахуй Нэгжүүдийг харилцан дэмжих,

• Салбарын боловсон хүчнийг сургах,

• Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллана.